“Одон”

Төрийн тэргүүн түүний энгэрт “Алтан гадас” одон зүүж өгөөд хүндэтгэлтэй нь аргагүй гар барих тэр агшинд тэсэхийн аргагүй өвдөж, амтат зүүднээсээ дуртай дургүй сэрлээ. Эмч хэдийнэ өрөөнд нь ороод ирчихсэн харагдав. Эмээ уух цаг болжээ. Эхнэр нь уур савссан халуун хоол аягалж, түүний зүг харснаа “Миний өвгөн өндийгөөд жаахан шөл уугаадах” гэсээр хажууд нь ирж хүйтэн хөлс чийхарсан духыг нь илэн санаа алдлаа.

Тэр эмнэлгээс эмнэлэг дамжин өртөөчилсөөр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Ажил төрөл ч бүр хагас жилийн өмнө хэмнэлээсээ гарч, эмнэлэг, гэр гэсэн нарийн жим өдрөөс өдөрт тодорч эцэст нь эмнэлгийн орон дээр ийнхүү хүний гар харах болсон нь энэ. Цагийн тариа хүлээн хэвтэхдээ өрнөөс өөр зүйлгүй шахам үлдэж байгаа эхнэр, хүүхдүүдийнхээ тухай бодтол аюулхай руу нь том хар бул чулуу өнхрөөд ирэх шиг санагдаж өөрийн эрхгүй нүд нь чийгтэх ажээ.

Наадмын хэдэн өдөр гэртээ гарч, хэд хоног эм тарианы үнэрээс хол, гэр оронд нь тайван амрааж болох уу гэсэн эхнэрийнх хүсэлтийг эмчлэгч эмч зөвшөөрснөөр тэд гэрийн зүг хөдөллөө. Гэртээ ирсэн өвчтөн сэтгэл нь сэргэж, илт дуу шуу ороод өвчин зовиураа ч мартан, харин энэ бүхэнд гэрийнхэн нь юу юунаас илүү баяртай байв. Цонхоор шуугилдах багачуудын дууг сонсож, хүүхдүүд нь орж гарч гүйлдэх нь өмнө нь тээртэй санагддаг байсан бол одоо түүнд хөгжмийн хэмнэл шиг уянгалаг, урьд нь мэдэрч байгаагүй сайхнаар бууж байлаа. Эхнэрийнхээ гарын хоолыг идчихээд зурагт үзэн суутал утас дуугарав.

- Байна уу, Сайн байна уу та. Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна аа

- Аан за.

- Таны тодорхойлолт манай дээр ирсэн байгаа юм байна. Алтан гадас одонгоор шагнуулах тухай

- Өө тийм байна уу?

- Бид танилцаад танд хариу мэдэгдэнэ ээ

- Аа тэгээрэй хө, баярлалаа

- Баяртай.

Хоромхон зуур болж өнгөрсөн энэ яриа эмнэлэгт байхдаа зүүдэлсэн зүүдийг нь гэнэт санагдуулж, сэтгэлийнх нь мухарт нууцлагдаж байсан нандин хүслийг нь сэдрээж орхив. Тэр байгууллагынхаа хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, ер нь өөрөөсөө бусад хүмүүсийг шагналд тодорхойлж, тусалж дэмжиж, өчүүхэн ч болтугай урам өгчих юмсан гэж гүйж байснаас өөрийгөө шагнуулах гэж чармайж байсан удаагүй билээ. Харин сүүлийн хэдэн жил нас явж байгаа болоод ч тэрүү улсад 10 хүрээгүй жил ажилласан хүүхэд шиг нь хүмүүс алтан гадас одонгоор энгэрээ мялаахад нь энэ хүү надаас илүүг лав хийгээгүй байлтай, ер нь надад энэ шагнал ирэхэд буруудах зүйл байхгүй л юм байна гэсэн атаархангуй бодол орж ирэх болсон юм. Гараас нь хөтлөн ажлынх нь гарааг эхлүүлсэн шавь нь хүртэл энэ одонгоор энгэрээ мялаасныг бодоход түүний энэ бодол яалт ч аргагүй үнэн байв.

Эхнэр балчир хүүхэд шиг баярлах өвгөнөө хараад “Муу өвгөн минь олон жил зүтгэсний эцэст энэ зэргийн шагнал авах байлгүй дээ. Наадмаар шагнуулж магадгүй юм байна шүү, хувцас хунарыг нь бэлэн байлгахгүй бол горьгүй нь” гэж бодож суулаа.

Наадам сайхан болж өнгөрчээ. Хүн бүр бөх, морь, сурын талаар шагшин ярьж, харин энэ гэр бүл баярын уур амьсгалыг огтхон ч мэдэрсэнгүй. Шагнал авч баярлаж хөөрөх хүмүүсийг, шагнуулагсдын нэрсийг дуудах албаны хүний хямсгар царайг тэд хэд хоног нүд цавчилгүй харжээ.

Төрийн тэргүүн түүний энгэрт “Алтан гадас” одонг хүндэтгэлтэй нь аргагүй зүүж өгөхөд тэвэр дүүрэн цэцэг барьсан эхнэр нь доголон нулимстай инээж, найз нөхөд, үр хүүхэд, ажлын газрын хамт олон нь алга нижигнүүлэн ташсаар түүнийг угтан авав. Энэ бол түүний хамгийн сүүлийн зүүд байлаа...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
MoRRiGaN

sad :(..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)